Чингис хаан



Монголын Yндэсний тулгар төрийг үндэслэгч, Тэмүүжин Чингис хаан 1162 оны хар морин жил одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн-Болдог хэмээх газар Есүхэй баатар, өүлэн хатан нарын ууган хөвгүүн болон мэндэлсэн. Чингис хаан Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэн Монголын нэгдсэн төр, Их Монгол Улсыг байгуулсан юм. 1206 оны улаан барс жил хаан ширээнд сууж 1227 оны улаагчин гахай жил таалал төгссөн. Их Монгол Улсын анхны нийслэл нь Хэрлэн мөрний Хөдөө Арал дахь одоогийн Аварга Тосон байв.

1206 оны улаан барс жил. Их хуралдайгаар Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэсэн. Тэмүүжинг Чингэс хаан цолоор өргөмжлөн Их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөгджээ. Чингэс хаан Монголын ханлиг аймгуудыг цэргийн зохион байгуулалтанд оруулсан. Тэрээр ард иргэдээ гэр тэрэг, тэдний хоол хүнс болох мал сүргийн хамтаар аравт, зуут, мянгатын цэргийн зохион байгуулалтанд оруулсан.
Тэрээр ард иргэддээ хүчтэй төр, их засаг хууль, эдийн засгийн таатай нөхцлийг бий болгох, боловсрол мэдлэгийн дээшлүүлэх бодлогуудыг баримталсан. Мөн Чингэс хаан либерал өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг шийдэмгий баримталсан. 1228 оны шарагчин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их хуралдай хийлгэн Чингэсийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй хаан болон Чингэс хааны үр удам Эзэнт гүрнээ Хар тэнгисээс Солонгосын хойг, Оросын вант улсын тэн хагасаас Болгарын вант улс хүртэлх, төв болон зүүн өмнөд Азийг бүхэлд нь хамарсан өргөн уудам нутаг дэвсгэртэй болгосон. Мөнх хааны дүү Хубилай 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суув. Хубилай хаан Монгол гүрний улс төрийн төвийг өмнө зүг Бээжинд шилжүүлж, Монгол, Хятад, Төвд зэрэг олон улс орныг захирсан Юань гүрнийг байгуулжээ. Юань гүрний төр зуугаад жил тогтсон.

ЧИНГИС ХААНЫ ТҮҮХЭН ОН ДАРААЛАЛ

Нийтийн он тооллын 1162 он хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдрийн дөл цагт Чингис хаан (Тэмүжин) мэндлэв.
1163 он (харагчин хонин жил): Тэмүжин хоёр настай
1164 он (хөх бичин жил): Тэмүжин гурван настай байв. Тэмүжиний их дүү Жочи Хасар төрөв.
1165 он (хөхөгчин тахиа жил): Тэмүжин дөрвөн настай байв.
1166 он (улаан нохой жил): Тэмүжин таван настай байв.
Тэмүжиний хоёрдугаар дүү Хачигун төрөв.
1167 он (улаагчин гахай жил) Тэмүжин зургаан настай байв.
1168 он (шар хулгана жил): Тэмүжин долоон настай байв.
Тэмүжиний отгон дү Тэмүгэ Отчигин төрөв.
1169 он (шарагчин үхэр жил): Тэмүжин найман настай байв.
Тэмүжиний охин дүү Тэмүлүн гуа төрөв.
1170 он (цагаан барс жил):
- Тэмүжинийг есөн настай байхад Бөртэ үжинтэй сүй тавив..
- Есүхэй баатар Татар аймагт хорлогдон нас барав.
1171 он (цагаагчин туулай жил): Тэмүжин арван настай байв.
Есухэй баатар нас барснаас аймаг угсаа нь бутарч, Тэмүжиний амьдралд бэрхшээл тулгарав.
1172 он (хар луу жил): Тэмүжин арван нэгэн настай байв.
Тэмүжин Онон мөрний мөсөн дээр наадаж байгаад Жамухатай "анд" бололцов.
1173 он (харагчин могой жил): Тэмүжин арван хоёр настай байв.
Тэмүжин өөр эхтэй дүү Бэгтэрийг харван алав.
1174 он (хөх морин жил): Тэмүжин арван гурван настай байв.
1175 он (хөхөгчин хонин жил): Тэмүжин арван дөрвөн настай байв.
1176 он (улаан бичин жил): Тэмүжин арван таван настай байв.
1177 он (улаагчин тахиа жил): Тэмүжин арван зургаан настай байв.
- Тэмүжин Тайчуудад баригдаж, Сорхан шарын тусламжаар аврагдав.
- Тэмүжин найман шарга агтаа дээрэмдүүлж, Боорчитай нөхөрлөв.
1178 он (шар нохой жил): Тэмүжин арван долоон настай байв.
- Тэмүжин Бөртэ үжинтэй хуримлав.
- Бүртэ үжиний шитхүл хар булган дахыг Хэрэйдийн хан Тоорил (Ван хан)-д бэлэглэж холбоо тогтоов.
- Бэлгүтэйг явуулж Боорчийг урин авч ирж нөхөрлөв.
- Урианхан овогтны Жарчиудай өвгөн хөвгүүн Зэлмээг дагуулан ирж Тэмүжинд тушаан өгч, Тэмүүжин Зэлмэ нар нөхөрлөв.
- Мэргид аймаг гэнэт дайрч Бөртэ үжинийг булааж явав.
- Зэвсэгт хүчнийг эмхлэн байгуулав.
1179 он (шарагчин гахай жил): Тэмүжин арван найман настай байв.
- "Буур хээрийн байлдаан"-аар Мэргидийг ялж, Бөртэ үжинийг буцаан авчрав.
- Ахмад хөвгүүн Зүчи төрөв.
- Тус оны өвлөөс дараа жил болтол, Хурхунаг Жубурт Жамухатай хамт байв.
1180 он (цагаан хулгана жил): Тэмүжин арван есөн настай байв.
1181 он (цагаагчин vхэр жил): Тэмүжин хорин настай байв.
- Хаврын сүүлчээр Жамуха Тэмүжинээс салан явав.
- Жамуха салан явснаас хойш хэдэн жилийн дотор Тэмүжин тал нутгийн язгууртануудтай өргөнөөр холбоо тогтоов.
1182 он (хар барс жил): Тэмүжин хорин нэгэн настай байв.
1183 он (харагчин туулай жил): Тэмүжин хорин хоёр настай байв.
Хоёрдугаар хөвгүүн Цагадай төрөв.
1184 он (хөх луу жил): Тэмүжин хорин гурван настай байв.
1185 он (хөхөгчин могой жил): Тэмүжин хорин дөрвөн настай байв.
1186 он (улаан морин жил): Тэмүжин хорин таван настай байв.
Гуравдугаар хөвгvvн Өгөдэй төрөв.
1187 он (улаагчин хонин жил): Тэмүжин хорин зургаан настай байв.
1188 он (шар бичин жил): Тэмүжин хорин долоон настай байв.
1189 он (шарагчин тахиа жил): Тэмүжин хорин найман настайдаа "Хамаг Монгол Улс"-ын хаанаар өргөмжлөгдөж, "Чингис хаан" цолыг олжээ.
- Анхны төрийн зохион байгуулалтын суурийг тавив.
1190 он (цагаан нохой жил): Хаан хорин есөн настай байв.
Жамухагийн өдөөсөн "Арван гурван хүрээний байлдаан" явагдав.
1191 он (цагаагчин гахай жил): Хаан гучин настай байв.
1192 он (хар хулгана жил): Хаан гучин нэгэн настай байв.
1193 он (харагчин үхэр жил): Хаан гучин хоёр настай байв.
Дөрөвдvгээр хөвгүүн Тулуй төрөв.
1194 он (хөх барс жил): Хаан гучин гурван настай байв.
Монголын Хатагин, Салжигуд зэрэг аймгууд Алтан улсын хилд халдав.
1195 он (хөхөгчин туулай жил): Хаан гучин дөрвөн настай байв.
Алтан улсаас цэрэг томилж Жvйн цэрэг ба Татар цэрэгтэй хамтран Хатагин, Салжигуд зэрэг аймгийн арван дөрвөн хүрээг эзлэн авсан бөгөөд Татар аймаг ба Алтан улсын хооронд зөрчил гарав.
1196 он (улаан луужил): Хаан гучин таван настай байв.
- Алтан улс Татарыг дайлав. Чингис хаан холбоотон болж, Алтан улсын хүчийг ашиглан, анх удаа Татар аймагтай Улз голд байлдаж ялав.
- Хэрэйдийн дотоодод хямралдаан болж Ван хан дийлэгдэн Хар Хятанд дутаав.
1197 он (улаагчин могой жил): Хаан гучин зургаан настай байв.
- Чингис хаан Жүрхин аймгийг дарав.
- Жалайрын Мухулай ирж нөхөрлөв.
- Ван ханы дvv Жаха Хамбу дагаар оров.
1198 он (шар морин жил): Хаан гучин долоон настай байв.
- Намар Ван хан Тангуд газраар тэнэсээр буцаж ирэхэд Чингис хаан туслав.
- Чингис хаан Мөрvчэ сэгvл гэдэг газар, Тогтоа бэхи-г дахин байлдаж дийлэв.
1199 он (шарагчин хонин жил): Хаан гучин найман настай байв.
- Мэргид, Тайчууд нар Чингист халдахаар ирэв.
1200 он (цагаан бичин жил): Хаан гучин есөн настай байв.
- Чингис хаан Ван хантай хамтарч, Онон мөрний элсэнд Тайчуудтай байлдав.
- Хатагин, Салжиуд зэрэг арван нэгэн аймгийн язгууртнууд нийлж Буйр нуур орчим Чингис хаантай байлдав. Хаан ихэд ялжээ.
- Өвөл, Цагаан, Тутауд, Алчи, Алухай дөрвөн Татар Чингисийг довтолсонд, Чингис Далан Нөмрөгт байлдаж, дахин Татар аймгийг ялав.
1201 он (цагаагчин тахиа жил): Хаан дөчин настай байв.
Хатгин, Салжиуд, Ихирэс, Горлос, Тайчууд зэрэг аймгууд Жамуха-г "Гvр хан" өргөмжилж, Чингис хааныг довтлов.
1202 он (хар нохой жил): Хаан дөчин нэгэн настай байв.
- Далан Нөмрөгт гурав дахь удаа Татар аймагтай байлдаж мөхөөв.
- Ван хан Чингис хаантай зөвлөсөнгүйгээр Мэргидийн үлдэгдлийг довтолж олз ашгийг ганцаар авав.
- Чингис хаан Ван хантай хамтран умардад байлдав.
- Өвөл Найманы Хүгсэү Сабрагтай байлдах гэтэл Ван хан байлдааны талбайд Чингисийг орхиж дутаав. Хүгсэү Сабраг Ван ханыг нэхэж байлдсанд Ван хан дийлэгдэв. Чингис хаан Боорчу, Мухулай нарыг томилж Ван ханыг дэмжив.
- Өвөл Ван хан Чингисээс дахин салж явав.
- Намар өвлийн үеэр "Хүйтэн" гэдэг газар Жамуха нартай дахин байлдаж дийлэв.
- "Хvйтний байлдаан"-ы дараа Тайчуудтай байлдаж дарав.
- "Онон"-д Тайчуудыг дарсан байлдаанд Чингис хаан шархдав, Зэвтэй нөхөрлөв.
- Тайчуудыг дарсан байлдааны дараа Сорхан шар нар ирж нийлэв.
1203 он (харагчин гахай жил): Хаан дөчин хоёр настай байв.
- Хавар Жамуха, Ван хан, Нилха Сэнгүм нар хуйвалдаж Чингис хааныг хорлох арга сэдэв.
- Бадай, Хишилиг хоёр адуучин Ван ханы хуйвалдааныг Чингис хаанд мэдэгдэж туслав.
- Ван хантай анх байлдсан "Муу өндөрийн байлдаан"-д хоёр талаараа хохирол олж ухрав.
- "Балжун нуурын тангараг"-ийг байгуулав.
- Намар Жэжээр өндөрт Ван хантай байлдаж Хэрээдийг мөхөөв.
1204 он (хөх хулгана жил):Хаан дөчин гурван настай байв.
- Хавар Онгуд аймаг Найманы байлдааны төлөвлөгөөний тухай мэдээлж Чингис хаантай нэгдэв.
- Цэргийн зохион байгуулалтыг өөрчилж аравт, зуут, мянгатын дүрмийг тогтоожээ.
- 4 сард Наху гvнд Наймантай байлдаж мөхөөв.
- Уйгур бичгийн хvн Тататунга-г олзолж, уйгуржин монгол үсгийг бvх Монголд дэлгэрvvлсэн бөгөөд тамга хэрэглэв.
- Намар өвлийн үеэр энэ аймгийн үлдэгдлийг нэхэн байлдав.
1205 он (хөхөгчин vхэр жил): Хаан дөчин дөрвөн настай байв.
-Хавар Чингис хаан өөрийн биеэр умард Найман ба Мэргидийн үлдэгдлийг дарав.
- Борухул, Чинбай нар Увас Мэргидийн урвагсадыг дарав.
- Алтайн араас их цэрэг буцав.
- Тангуд улс Нилха Сэнгүмийг далдалсан учир Тангудыг анх удаа дайлав.
- Жамуха-г эцэслүүлж Монгол аймгуудыг бүрэн нэгтгэв.
1206 он (Чингисийн тэргүүн он, улаан барс жил): Хаан дөчин таван настай байв.
-Хаант Монгол Улсыг тунхаглан байгуулж, Чингис хаан их ор суув.
- Наян найман төрийн гавьяатныг шагнав.
- Цэрэг засаг нэгдсэн дөрвөн түмэн ба ерэн таван мянганыг цэгцлэн байгуулж, Хаант Монгол Улсын төрийг цогцлов.
- "Их засаг" хууль гаргав.
- Харлугийг дайлахаар Хубилай ноёныг, Найманы Хүчүлүгийг нэхүүлэхээр Зэв ноёныг тус тус томилов.
1207 он (Чингисийн 2 дугаар он, улаагчин туулай жил): Хаан дөчин зургаан настай байв.
- Ахмад хөвгүүн Зүчийг томилж, Ойн иргэдийг нэгтгэн авав.
- Өргөлийг тасалдуулсан учир Тангуд улсыг хоёрдахь удаа дайлав.
- Алтан урагтаа ард иргэдийг хуваав.
1208 он (Чингисийн 3 дугаар он, шар луу жил): Хаан дөчин долоон настай байв. Алтан ордондоо саатжээ.
1209 он (Чингисийн 4 дүгээр он, шарагчин могой жил): Хаан дөчин найман настай байв.
-Уйгурын Итүгүд Баржуг Арт Тигин Хар Хятаны тайш Шаокэм гэгчийг алж, Чингис хаанд дагаар оров.
- Тангуд улсыг гурав дахь удаа дайлав.
1210 он (Чингисийн 5 дугаар он, цагаан морин жил): Хаан дөчин есөн настай байв.
- Хаанд тэрсэлсэн бөө "Дэв тэнгэр"-ийн амийг нь эцэслүүлжээ.
- Алтан улсыг дайлах бэлтгэлийг хийв.
1211 он (Чингисийн 6 дугаар он, цагаагчин хонин жил): Хаан тавин настай байв.
- Хубилай ноён Харлугийг оруулан авч Харлугийн Арслан ханы хамт буцаж ирэв.
- 2 сард хаан биеэр их цэрэг дайчилж, Алтан улсыг гурван замаар дайлав.
- 4 сард зүүн гарын хошууч Зэв ноёны цэрэг Да Шуй Пуань Фэнли зэрэг сянийг эзлэв.
- Чингис хаан энэ зун Онгуд аймгийн нутагт зусав.
- 7 сард Зэв ноён Ушабуу, У Юай Инийг эзлэн авсан бөгөөд Монголын цэрэг анх удаа Алтан улсын баруун нийслэл Датун хотыг эзлэв.
-Чингис хаан өөрөө Чжанчжоу, Фучжоуг довтлж Цуйбиншань, Хуй Хэ Бао зэрэг газар Алтан улсын жанжин Ваньгинь Чэн Юйгийн цэргийн гол хүчийг сөнөөж, Сюаньдэ Син-ийг эзлэн авав.
-Алтан улсын тvшмэл Го Бао Юй монгол цэрэгт дагаар оров.
- 9 сард монгол цэрэг Цавчаал боомтыг эзлэн авч, Чжунду хотод хүрэв.
- Монголын баруун гарын цэрэг Юньнэй зэрэг газар эзлэв.
- Монголын гол цэрэг Чжунду хотыг довтлоод авч чадалгvй ухарч, тус оны өвөл Алтан улсын хил дагуу өвөлжиж цэргээ цэгцлэв.
1212 он (Чингисийн 7 дугаар он, хар бичин жил): Хаан тавин нэгэн настай байв.
- Хаврын тэргvvн сард Чжунду хотыг дахин довтлов.
-Хавар монгол цэрэг Yнэгэн даваан дээр ширүүн байлдаж, Алтан улсын жанжин Хушаху-гийн гучин түмэн цэргийг Хуй Хэ Бао-д бvрэн сөнөөсөн бөгөөд Сюаньдэ-г эзлэн авав.
- Алтан улсын жанжин Шимо мянган, монгол цэрэгт оров.
- 8 сард Чингис хаан биеэр Алтан улсын баруун нийслэл Датун-ыг дахин довтолж, зэрлэг суманд шархдаж цэрэг ухрав.
- 9 сард монгол цэрэг Дэ Син балгасыг хэдэнтээ байлдаж эзлэв.
- Тус онд Хятанчууд "Зvvн Ляо улс"-ыг байгуулж, Монголд дагаар оров.
1213 он (Чингисийн 8 дугаар он, харагчин тахиа жил): Хаан тавин хоёр настай байв.
-Хаврын тэргvvн сард Чингис хаан Алтан улсын зүүн нийслэл Ляо Янь-г эзлүүлэхээр Зэв ноёныг томилов.
- 7 сард Чингис хаан биеэр цэрэг дайчилж Дэ Син балгасыг дахин эвдэв.
- 8 сард Гуйчуань голд Алтан улсын мужийн төлөөлөгч Ваньгинь Ган, нийтлэн захирагч Жүхү Гуучи нартай байлдаж ялав.
- Алтан улс Цавчаал боомтоо дахин чанга бэхлэсэн тул Чингис хаан цөөн цэрэг авч нарийн замаар тойрон Цзицзингуань боомтыг гэнэт дайран гэтэлж, И чжоу балгасыг эзлэн авав. Зэвийг томилж Нань коу боомтыг эзлэн, Цавчаал боомтыг өмнө хойноос нь хавчин дайрсан тул Цавчаалын сахиул цэрэг буун өгч, боомтыг эзлэв.
- Мөн 8 сард, Алтан улсын төрд "Ордны хувьсал" гарч, Хушаху хаанаа хор идvvлэн алж, Ваньгинь Сюань-г Алтан улсын наймдугаар хаанаар өргөмжлөв.
-10 сард Чингис хаан элч томилж, Алтан улсыг бууж өгөхийг шаардав.
- Чжунду-гийн хамгаалалт бат бэх тул монгол цэрэг эзэлж чадсангvй, Чингис хаан цэргээ гурван замаар хувааж, Алтан улсын дотор газар өөд довтлон, Шаньдун, Шаньси, Хэбэй, Ляоси зэрэг газрын ерээд хот балгасыг эзлэв.
- Тус оны өвөл Чингис хаан Чжунду-гийн Шар хээрт буув.
1214 он (Чингисийн 9 дүгээр он, хөх нохой жил): Хаан тавин гурван настай байв.
-Хаврын тэргvvн сар, Алтан улс эвсэхийг гуйв. Чингис хаан зөвшөөрч, Арачан (Жабар)-г Алтан улсад элчлүүлэв.
- 3 сард эвсэл биелэгдэж, монгол цэрэг ухрав. Чингис хаан энэ зун Загасан нуурт зусав.
- 6 сард Алтан улсын хаан Чжунду хотоо орхиж, нийслэл Бяньлян хотруу нүүв.
- 7 сард Алтан улс итгэл алдав гэж монголчууд гурав дахь удаагаа Чжунду хотод довтлов.
- 10 сард Мухулай ноёныг томилон Ляо Си-г дайлуулав.
1215 он (Чингисийн 10 дугаар он, хөхөгчин гахай жил): Хаан тавин дөрвөн настай байв.
- Хавар монгол цэрэг Ляо Си-г бүрэн эзлэв.
- Алтан улсын баруун мөрийн дэд юань шуай Пуча Чигин Монголд бууж өгөв.
- 3 сард Чжундуд туслахаар ирсэн Алтан хааны цэргийг устгав.
- 5 сард Алтан улсын нийслэл Чжунду хотыг эзлэв.
- Бичгийн эрдэмтэн хятан хvн Елюй Цуцай Чжундугаас ирж Чингис хаантай уулзав.
- 6 сард Монголын цэрэг ухарч Загасан нуурт буув.
- Ойн иргэд бослого гаргав.
- Чингис хаан цэргээ гурав хувааж, Алтан улсыг дайлуулав.
- Улсын дотоодын явдлаа шийдвэрлэхийн тулд Чингис хаан Хэрлэнгийн их ордондоо буцав.
1216 он (Чингисийн 11 дүгээр он, улаан хулгана жил): Хаан тавин таван настай байв.
- Түмэд зэрэг Ойн иргэдийн бослогыг даруулахаар цэрэг томилов.
- Сүбээдэйд төмөр тэрэг өгч, урьд томилсон Тогучарын морьт цэрэгтэй хамтран Мэргидийн үлдэгдлийг нэхүүлэв.
(3) Найманы Хүчүлүг-ийг устгахаар Зэв ноёныг Хар Хятанд томилов.
(4) Хорезмд элч томилж, арилжааны гэрээ тогтолцжээ.
1217 он (Чингисийн 12 дугаар он, улаагчин vхэр жил): Хаан тавин зургаан настай байв.
(1) Дeрбэй догшин Ойн иргэдийн бослогыг дарав.
(2) Сүбээдэй баатар Мэргидийн үлдэгдлийг нэхэж Чуй мөрөнд хүрч бүрмөсөн устгав.
(3) 8 сард Мухулай ноёнд Го ван цол, алтан тамга, есөн хөлт цагаан туг өгч, Алтан улсыг дайлах үүргийг хариуцуулав.
(4) Ухуна түрүүтэй 450 хvнтэй худалдаачдыг Хорезмд томилов, Отрарын хэрэг явдал үүсэв.
1218 он (Чингисийн 13 дугаар он, шар барс жил): Хаан тавин долоон настай байв.
- Хорезмд илгээсэн наймаачид алагдсан тухай мэдээ авч дахин элч томилосон боловч бас алагдав.
- Зэв ноён Хар Хятаныг мөхөөв.
- Их хуралдай хуралдаж Хорезмыг дайлах тухай хэлэлцэж дайны бэлтгэлийг хийв.
- Хавар Тангудыг дөрөв дэхь удаа дайлав.
- Гуулин улсад дутаасан Хятаны оргодлыг дарахаар арван түмэн цэрэг томилов. Гуулин улс ба Монголын харилцаа байгуулагджээ.
- Хааны дүү Отчигин ноён ба гvнж Алага бэхи-ээр төрийн хэргийг захируулахаар тогтов.
- Өгөдэйг Монголын их хааны залгамжлагчаар тогтов.
- 3эв, Сүбээдэй, Тогучарыг Монголын их цэргийн хошуучаар томилов.
1219 он (Чингисийн 14 дүгээр он, шарагчин туулай жил): Хаан тавин найман настай байв.
- 4 сард, Чингис хаан их цэрэг дайчилж Хорезм улсыг дайлаар мордов.
- 5 сард, Найманы нутгаар дайран Эрчис мөрөнд зусав.
- Хорезмыг дайлах хорин түмэн их цэрэг Эрчис мөрөнд цугларав.
- Сүн улсын Бумбын шашны бясалгагч Чан-чунь аршийг залахаар Лю Чжун Лу, Жабар нарыг томилжээ.
- Намар Монголын их цэрэг Эрчис мөрнөөс мордож, 9 сард Отрар хотыг бүслэн авчээ. Дараа нь Чингис хаан цэргээ дөрвөн замаар хувааж, хоёр мөрний хооронд дайлав.
- Чингис хааны захирсан гол цэрэг нь Бухара, Самаркандыг дайлах замд тус оны өвөл Зернук, Нур хотыг эзлэв.
1220 он (Чингисийн 15 дугаар он, цагаан луу жил): Хаан тавин есөн настай байв.
- 3 сард Чингис хааны их цэрэг Бухара хотыг эзлэн авав.
- Тус сард Чингис хаан Хорезмын шинэ нийлсэл Самарканд хотыг эзлэв.
- Хорезмын Султан хан Мухаммед Самаркандыг эзлэхээс өмнө дутаасан тул Чингис хаан Зэв, Сүбээдэй нараар нэхүүлэв.
- Цагадай, Өгөдэйн захирсан цэрэг хагас жил гаруй байлдаж, тус оны хавар Отрар хотыг эзлэв.
- Зүчийн захирсан хоёрдугаар замын цэрэг болон Алаг ноён Сүйхэтү, Тахай нарын захирсан нөгөө замын цэрэг тус тус Ходжeнтоос Енджике хvртэлх Сыхун мөрөн дагуу бүх орныг эзлэв.
- Хавар Чингис хаан өөрөө Хорасан орныг дайлжээ.
- Энэ зун Чингис хаан Нагшабын талд зусав.
- Намар Чингис хаан Термез хотыг эзлэн авав.
- Өвөл Чингис хаан Кангарт, Шуман оронд өвөлжив.
- Зэв, Сүбээдэй нарын цэрэг Азербайджаны төв Тбилиси өөд довтолж, Каспийн тэнгисийн эрэг дагуу Муганы талд өвөлжив.
- Зэв, Сүбээдэй нарын цэрэг өвлийн хүйтэнд Гүржийн хилд гэнэт цөмрөн орж тус газрын цэргийг нь устгажээ.
- 12 сард Мухаммед султан Каспийн тэнгисийн нэгэн бяцхан арал дээр дутаан гарав.
- Өвлийн эхээр Ургенч хотыг дайлсан байлдаан эхэлэв.
1221 он (Чингисийн 16дугаар он, цагаагчин могой жил): Хаан жаран настай байв.
- 1 сард Хорезмын Султан хан Мухаммед Каспийн тэнгисийн бяцхан арал дээр өвчнөөр үхжээ. Түүний хөвгүүн Джалал-ад-Дин хаан орыг залгамжлав.
- Хавар, Чингис хаан Аму-Дарья мөрний олмоор гаталж, Балх хотыг эзлэн авав.
- Хавар, Джалал-ад-Дин султан Бараан хээрт Монголын хошууч цэргийг дайрч мянган хүн алсан бөгөөд туслахаар очсон Шигихутуху-гийн цэргийг байлдан дийлэв.
- Ургенч хотыг монгол цэрэг зургаан сар байлдан, тус оны 5 сард эзлэв.
- Чингис хааны гол цэрэг Талаханы Носрат Хо цайзыг зургаан сар байлдаад эзлэн авав.
- Зун хаан Талаханы уулархаг оронд зусав.
- Зун намрын үеэр Бамиан цайзын байлдаанд Цагадайн хөвгүүн Мүтүгэн алагджээ.
- 7 сард Алтан улсын элч ёслолын яамны тvшмэл Үгүсүн Жүанда төрийн бичиг барьж, эвслийг гуйхаар Чингис хаанд аян зам зуур бараалхав.
- 10 сард Чингис хааны их цэрэг Шин мөрний хөвөөнд Джалал-ад-Дин султантай байлдаж дийлэв.
- Өвөл, Джалал-ад-Дин султаныг нэхvvлэхээр Бала ноёныг, Индvс Багдадын хоорондох Ару, Мару, Мадасари зэргийг дайлахаар Дөрбэй догшин нарыг тус тус томилов.
- Зэв, Сүбээдэйн цэрэг тус онд Арменийн болон Гүржийн зүүн өмнө хэсэгт довтлов.
1222 он (Чингисийн 17 дугаар он, хар морин жил): Хаан жаран нэгэн настай байв.
- Оны эхээр Тулуйн захирсан цэрэг Хорасаны олон хотуудыг эзлэв.
- Хавар Чингис хааны гол цэрэг Балх хотыг дахин дайлав.
- 4 сарын 5-ны өдөр, Сүн улсын бумбын шашны тэргүүн Чан-чунь арштай уулзав.
- Зун Чингис хаан Бараан хээрт зусав. Эл газарт томилсон цэргүүд ирж нийлжээ.
- Хорезмын эл хотуудад дарга томилов.
- 8 сард Чингис хаан Чан-чунь арштай дахин уулзав
- Зэв, Сүбээдэйн цэрэг энэ өвөл Кавказын нурууг даван, Асу аймгийн холбоот цэргийг мөхөөн, Кипчакт довтолов. Тэд энэ өвөл Кипчакийн төв газар өвөлжив.
- Монголын их цэрэг энэ өвөл Шин мөрний эх орчим дахь Буя Катурын ууланд өвөлжив. Цэрэгт хижиг өвчин дэлгэрчээ.
1223 он (Чингисийн 18 дугаар он, харагчин хонин жил): Хаан жаран хоёр настай байв.
- Хаврын эхээр Монголын их цэрэг нутагтаа буцав.
- 3 сард Чан-чунь арш Чингис хаанаас салж буцав.
- Мөн энэ сард Го ван Мухулай Шаньси мужийн Вэньси сяньд өвчнөөр нас барсан тул түүний хөвгүүн Борыг дундад Азиас буцааж ор залгамжлуулав.
- 5 сард Зэв Сүбээдэйн цэрэг Дон мөрний орчим Калка голд Орос Кипчакийн холбоотны цэргийг бүрэн устгав
- Зун, монгол цэрэг буцах замдаа Бараан хээрт зусжээ.
- Өвөл, Чингис хаан Самаркандаас зүүн тийш буув.
- Өвөл, Чингис хаан их ав тавив.
- Чингис хаан Хар Эрчис гол орчимд буудаллан буухад, Тангуд улсын цэрэг монгол нутгийг Эзнэй голын зүгээс уулгалан халджээ.
- Тус оны сүүлчээр Зэв, Сүбээдэйн цэрэг Булгар аймгийг оруулан аваад Зүчийн гадаад харьяат болгоод буцав.
1224 он (Чингисийн 19 дүгээр он, хөх бичин жил): Хаан жаран гурван настай байв.
- Хавар Чингис хааны цэрэг буцах замдаа Сыхун мөрний баруун эрэг орчимд цугларч их хуралдай хийв.
- 5 сард Мухулайн хvv Бор ван Иньчжоу хотод Тангудын цэргийг байлдан дийлж, Тангудын эзний хөвгүүдийг барьцаа болгохоор тотгоов.
- Чингис хаан энэ зун Хулан баш гэдэг газар зусав.
- Намар, Монголдоо буцав.
- Намар, Тангуд улс ба Алтан улс хоёр эвслийн гэрээ тогтоов.
- 10 сард хааны ач хөвгүүн Хубилай, Хүлэгү хоёр (Тулуйн хөвгүүн) Эмил голд ирж хааныг угтав.
- Зэв жанжин буцах замдаа Ханлины нутагт нас барав.
- Сүбээдэйн цэрэг хааны их цэрэгтэй нийлэв.
-1225 оны эхээр Эрчис мөрний эх орчмын Буга Сочигай гэдэг газар их хурим хийж, Есөнхэ мэргэн сур харваж 335 алд хол тусгасан учир сүүлд нь нэгэн чулуун хөшөө босгож дурсгав. Энэ бол Чингисийн чулууны бичиг гэх дурсгалт зvйл юм.
1225 он (Чингисийн 20 дугаар он, хөхөгчин тахиа жил): Хаан жаран дөрвөн настай байв.
- Хаврын эхээр Чингис хаан Сартуул иргэнийг дайлан дуусч, Туул голын Хар түн дэх ордондоо буцаж ирэв
- 2 сард, Чингис хаан Тангуд улсад элч томилж, Тангудын эзнээс хөвгүүнээ барьцаа болгон илгээсэнгүй учрыг асуулгав.
- Намар, Чингис хаан арван түмэн цэрэг дайчилж Тангуд улсыг дайлаар мордов.
-Тангуд улс хэрэм хотоо бэхэлж, Алтан улсаас зэвсгийн тусламж авах хэлэлцээрийг 10 сард байгуулж, дараа сард нь илэрхий зарлажээ.
- 11 сард Монголын их цэрэг Түй Онгийн голын хөндийд ирж өвөлжин цэргээ сургуулилав.
- Өвөл, Чингис хаан их ав тавьсан бөгөөд мориноосоо унаж бие нь чилээрхэв.
1226 он (Чингисийн 21 дүгээр он, улаан нохой жил): Хаан жаран таван настай байв.
- Хаврын тэргүүн сард Монголын их цэрэг Эзнэй голын зүгээс Тангуд улсад довтлон, Хар балгас зэрэг хотыг эзлэв.
- Зун, Чингис хаан Хуньцуй Шань ууланд зусав.
- 7 сард Тангудын эзэн Ли Дэ ван үхэж, түүний ач хөвгүүн Ли Сянь эзний орыг залгамжлав. Тэр харин Тангудын эцэсийн нэгэн эзэн нь болжээ.
- Намар, Монголын их цэрэг Ганьчжоу, Силянцу, Чулу, Хэлу, Сучжоу зэрэг хот балгасыг эзлэн авч, элс манханыг туулан Хатан голын есөн олом хүрч, Инли зэрэг сянийг эзлэн авав.
- 11 сард Чингис хааны их цэрэг Түрэмгий балгасыг байлдан эзлэв.
- Өвөл Монгол цэрэг Тангудын нийслэл Яргай хотыг эзлэн авч байлдав.
1227 он (Чингисийн 22 дугаар он, улаагчин гахай жил): Хаан жаран зургаан настай байв.
- Хаврын тэргvvн сар, Чингис хаан Хатан голыг гаталж, Тангудын зэргэлдээ Алтан улсын хот балгасыг довтлов. Урьдаар Цзий Шичжоу-г эзлэн авчээ.
- 2 сард Линьтао-г эзлэв.
- 3 сард Таочжоу, Хэчжоу, Синин сянь зэргийг эзлэв.
- 4 сард Чингис хаан Лундэ-д хүрэв.
- 5 сард Чингис хаан Тан Цин-ийг Алтан улсад элчээр томилов.
- Илүү 5 сард Чингис хаан Лу Пань Шань ууланд зусав.
- 6 сард Алтан улсаас Ваньгинь Хэчжоу, Уудун аху гэгч хоёр элчийг Лу Пань Шань-д ирүүлж эвсэхийг гуйв.
- Мөн 6 сард Чингис хаан Лу Пань Шань-гаас хөдөлж, Циншуй Сянь-ий Сицзян гэдэг газар хүрч буув.
- Чингис хаан Циншуй-д байхад Тангуд улсын элч ирж, нэг сарын дараа бууж өгөхөөр гуйв.
- 7 сарын шинийн тавны хар морин өдөр (буюу аргын улирлын 8 сарын 18-ны өдөр), Чингис хаан халуун өвчнөөр хүнд чилээрхэж, тус сарын 12-ны шарагчин үхэр өдөр (буюу аргын улирлын 8 сарын 25-ны өдөр) жаран зургаан настайдаа Циншуй сянь-ий Сицзян-д тэнгэр болов.
I'm reading: Чингис хаанЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Чингис хаан"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors